Английн Төв банк бодлогын хүүгээ 0.5 хувьд хэвээр үлдээлээ


Энэ долоо хоногт дэлхийн тэргүүлэх Төв банкнууд зах зээлд нөлөөлөхүйц бодлого, шийдвэрүүдээ танилцуулаад байна. Тухайлбал, Английн Төв банк бодлогын хүүгээ 0.5 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 62 эдийн засагч Английн Төв банк бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэсэн таамаг дэвшүүлээд байсан юм. Ирэх тавдугаар сард болох хурлаараа бодлогын хүүг өсгөх магадлал 86 орчим хувьтай байна. Хэдийгээр бодлогын хүүд өөрчлөлт оруулаагүй ч тус банкны тэргүүн Марк Карни хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлдээ “Цаашид бодлогоо чангатгана” гэдгээ дурдсан юм. “Протекционист бодлого газар авч байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй”-г Английн Төв банкны удирдлагууд анхааруулж байна.

Үүнээс өмнө буюу лхагва гарагт Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмж, 1.75 хувьд хүргэх шийдвэрээ танилцуулсан юм. АНУ-ын эдийн засаг цаашид тогтвортой тэлж, хөрөнгийн зах зээл өндөр өсөлтөө хадгална гэж Холбооны Нөөцийн банкны удирдлагууд таамагласан байна. Үүнтэй холбоотойгоор энэ онд дахин хоёр удаа бодлогын хүүгээ нэмэхээр тооцоолж байгаа аж. Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүн Жером Пауэлл “Цаашид алгуур бодлогоо чангатгана” гэдгийг анхны хэвлэлийн хурлынхаа үеэр дурдсан юм. Жером Пауэлл “Инфляц энэ онд 1.9 хувьд хүрч, зорилтот түвшинд дөхнө гэж тооцоолж байна. Түүнчлэн ирэх онд хоёр хувьд, 2020 онд 2.1 хувьд хүрэх төлөвтэй байна. Гэсэн ч бидний өмнө эрсдэл тулгарч байгаа. Хэрвээ бид бодлогын хүүг яаран өсгөвөл, инфляц Төв банкны зорилтот хоёр хувьд хүрэхэд хүндрэлтэй” гэж мэдэгдлээ.

Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсний дараа БНХАУ-ын Төв банк мөнгөний бодлогоо чангатгах алхам хийлээ. Тодруулбал, арилжааны банкнуудад олгодог богино хугацаатай зээлийн хүүгээ таван суурь нэгжээр нэмэгдүүлсэн байна. БНХАУ-ын Төв банкны шинэ тэргүүн И Ган цаашид мөнгөний хянамгай бодлого баримтална гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ийнхүү олон улсын томоохон Төв банкнууд бодлогоо чангатгах хандлага нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.