“Tencent Holdings”-ийн цэвэр ашиг хоёр дахин өсөж 20.8 тэрбум юань хүрчээ


БНХАУ-ын “Tencent Holdings” компанийн борлуулалтын орлого 2017 оны IV улиралд жилийн дүнгээр 51 хувиар өсөж 66.4 тэрбум юань, харин цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөж 20.8 тэрбум юань хүрсэн байна. Тайланд онцолсноор видео тоглоом болон олон нийтийн сүлжээний бизнесийн орлого 37 хувиар, цахим зар сурталчилгааны борлуулалт 49 хувиар өссөн нь орлогын өсөлтөд эергээр нөлөөлжээ. Мөн “Tencent Holdings”-ийн хувь эзэмшдэг “Sea”, “Sogou”, “Yixin” зэрэг компани анхдагч зах зээлд хувьцаагаа амжилттай гаргаснаар компанийн орлогыг 7.9 тэрбум юаниар нэмэгдүүлсэн байна. “Tencent Holdings” компани одоогийн байдлаар 600 гаруй компанид хөрөнгө оруулаад байгаа юм. Мөн видео тоглоом болон клауд үйлчилгээ, хиймэл оюун ухааны салбарт хийх хөрөнгө оруулалтын зардал 72 хувиар өссөн байна. Гэхдээ эдгээр зарцуулалт урт хугацаанд өгөөж өгнө гэж компанийн удирдлагууд тооцоолжээ. “Tencent Holdings”-ийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.