И Ган: БНХАУ санхүүгийн салбараа илүү нээлттэй болгох бодлого баримтална


БНХАУ-ын Төв банкны тэргүүн И Ган “БНХАУ цаашид санхүүгийн салбараа илүү нээлттэй болгоно” гэдгийг онцоллоо. Тэрбээр “БНХАУ-ын Төв банк юанийн хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгийн дансыг нээлттэйболгоно” гэдгийг дурдсан байна. Мөн “Мөнгөний хянамгай бодлого баримталж, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулан, Төв банкны хүчин чадлыг нэмэгдүүлнэ” гэдгээ БНХАУ-ын Хөгжлийн форумын үеэр амлажээ. Үүнээс гадна “Хэрвээ гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс БНХАУ-д эрсдэл тулгарвал түүнээс сэргийлэх арга хэмжээ авна” гэдгийг анхааруулсан байна. Хэдий тийм боловч “БНХАУ-д өрийн хэмжээ өссөн зэрэг сорилтууд тулгараад байгаа тул энэ чиглэлд илүү анхаарна” гэж тус улсын Төв банкны тэргүүн И Ган мэдэгджээ. И Ган “БНХАУ социалист зах зээлийн эдийн засагтай. Энэ ч утгаараа хууль, эрх зүйн зохицуулалт, зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан эрсдэлүүдийг даван туулах ёстой. Өөрөөр хэлбэл зах зээлийн эрсдэлүүдийг бууруулах үүргийг зөвхөн Засгийн газарт хариуцуулж болохгүй. Тиймээс иргэн, компани, Засгийн газар өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй юм. Үүнд шинэчлэл хийх, зах зээлээ нээлттэй болгох үндсэн хоёр зорилт багтаж байгаа. Ингэснээр бид эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх боломжтой” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна БНХАУ-ын Төв банкны удирдлагууд Гуо Шукинийг Төв банкны Коммунист намын нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн талаар “New York Times” мэдээллээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Гуо Шукин банк, даатгалын зохицуулах хорооны даргын албыг хашиж, санхүүгийн болон мөнгөний бодлого боловсруулах түвшинд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.