Монголбанк: Бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэв


Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэр тус тус гаргалаа.

 

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2018 оны 2 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувьтай байна.  Гадаад эрэлт хүлээлтээс сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн шалтгаантай инфляци алгуур нэмэгдэж байгаа хэдий ч жилийн инфляци цаашид зорилтот түвшний орчим тогтворжихоор байна.

 

Бодлогын энэхүү шийдвэр нь банкны салбарын богино хугацаатай эх үүсвэрийн хүүг бууруулж, улмаар зээлийн хүүгээр дамжин бизнесийн идэвхжилийг дэмжих болно.

 

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна хэмээжээ.

Эх сурвалж: Монгол Банк


March 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.