МЦХ: “Кореа телеком”-ийн хувьцаа 2018 онд Төрийн мэдэлд бүрэн шилжинэ


14 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 500-560 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Сүүлийн арилжаагаар нэгж хувьцаа нь 541 төгрөгт тогтжээ. Тус компани хувьцаа нь олон нийтэд нээлттэй болсон цагаас хойш 15 удаа ногдол ашиг тарааж байсан юм. Хамгийн сүүлд 2014 оны ашгаас нэгж хувьцаанд зургаан төгрөг буюу нийт 156.9 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгож байжээ. “Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг эзэмшигч “Кореа телеком” компани өөрийн эзэмшилд байгаа хувьцааг Монголын талд худалдахаар санал тавьсан байна. Харин Засгийн газар энэ саналыг харгалзан үзэж, хувьцааг нийт 2.55 сая ам.доллараар худалдан авахаар шийдвэрлэжээ. Хэдий тийм боловч худалдан авах ажиллагаа хийгдээгүй байна. Мөн хувьцаа худалдан авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх асуудал хүлээгдэж байгаа юм. “Кorea telecom” компанийн хувьцаа 2018 онд Төрийн мэдэлд шилжвэл тус компанийн хувьцааны 94.7 хувь нь Төрд шилжих юм байна.

“Монголын цахилгаан холбоо” компани төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернет, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлдэг. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ирэх сарын 30-нд болох товтой байна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэл дөрөвдүгээр сарын зургааны өдрөөр дуусгавар болох юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 28, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.