Хоёр Солонгосын удирдагчид цэрэггүй бүсэд уулзана


Хоёр Солонгосын сайд нарын түвшний уулзалтаар БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нарын уулзалтыг ирэх сарын 27-нд хийхээр товлолоо. Энэ нь түүхэн дэх гурав дахь тохиолдол болох юм байна. Хоёр талын Төрийн тэргүүн нар өмнө нь 2000 болон 2007 онд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод уулзаж байжээ. Харин энэ удаад хоёр улсын удирдагчдын уулзалт цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд, ялангуяа БНСУ-ын талын Энх тайвны ордонд болох юм байна. Ингэснээр Ким Чен Уны хувьд 1953 оны Солонгосын дайнаас хойш БНСУ-ын газар нутагт хөл тавьсан Умардын анхны удирдагч болно гэдгийг ажиглагчид онцолж байна. Уулзалтын үеэр талууд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон хоёр Солонгосын харилцааны талаар голчлон хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. “Хэрвээ АНУ болон БНСУ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад эхний алхмыг хийвэл цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн” гэж Ким Чен Ун мэдэгдээд байна. Үүгээрээ Умардын тал буулт хийж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Үүнээс гадна хоёр Солонгосын төлөөлөгчид дөрөвдүгээр сарын дөрвөнд дээд түвшний уулзалтын протокол, аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн асуудлаар ажлын хэсгийн уулзалт зохион байгуулахаар болжээ.

Харин АНУ-ын Төрийн департамент “Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ахиц дэвшил гарч байгаад баяртай байна” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ Япон улсын Засгийн газар БНАСАУ-тай дээд түвшний уулзалт хийхийг зорьж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Хэдий тийм боловч одоогоор БНАСАУ-ын талаас ямар нэг хариу аваагүй гэж Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга мэдэгджээ.

Эх сурвалж:Bloomberg Mongolia


March 30, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.