“Материал Импэкс” ХК: 2017 онд чингэлэг ачааны импортын тээвэр жилийн дүнгээр 62 хувиар өссөн


Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Материал Импэкс” ХК 2017 онд 1392 чингэлэг ачааны импортын тээвэр хийсэн нь 2016 оноос 62 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн 2017 онд 155 битүү вагонтой ачааны импортын тээвэр хийсэн нь өмнөх оноос тав дахин их дүн болж байгаа юм. Харин чингэлгийн экспорт нь 50 хувиар буурчээ. Чингэлгээр тээвэрлэсэн ачаа барааны 56 хувийг шинэ ба хуучин автомашин, автомашины сэлбэг, 38 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлсэн байна. 2016 онтой харьцуулахад шинэ ба хуучин автомашины тээвэрлэлт 45 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг “Материал Импэкс” компани мэдээллээ. Тус компани 2017 онд 493 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь жилийн дүнгээр 49 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Үүнийг “Материал Импэкс” компани Засгийн газраас гурилын импортыг хориглосонтой холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь ОХУ-аас орж ирдэг гурилын вагон зогсож, түрээсийн агуулах нь суларсан байна.

Үүнээс гадна ОХУ Украйн улсаас дамжин өнгөрөх тээврийг хориглосноос чихэр импортоор оруулж ирдэг компаниудын ачаа бараа эрс цөөрчээ. “Материал Импэкс” ХК 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10 төгрөг буюу нийт 13.7 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болсон байна. Тус компани олон нийтэд нээлттэй болсон цагаас хойш нийт найман удаа ногдол ашгаа тарааж байгаа юм. 13 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Материал Импэкс” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 10 гаруй хувиар өсөж, 9500 төгрөгт хүрээд байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.