Монголбанк: III сард иргэд, байгууллагаас 734 кг алт худалдан авсан


Монголбанк энэ оны гуравдугаар сард иргэд, байгууллагаас нийт 734 кг алт худалдан авсан гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр алт худалдан авалтын дүн оны эхний гурван сарын байдлаар 2.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөөд байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Лондоны Үнэт металлын захын ханш бага байснаас шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 101 мянга 822.30 төгрөг байсан байна. Монголбанкны алт худалдан авалтын дүн 2018 оны эхний улиралд харьцангуй бага байгаа нь шороон ордоос олборлолт хийдэг компаниудын ажил эхлээгүй, зөвхөн үндсэн ордын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотой юм. Алт олборлолтын үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай бөгөөд жилийн 8, 9, 10 дугаар сард хамгийн идэвхтэй олборлолт явагддаг байна. Монголбанк 2017 онд 20 тонн алт худалдан авснаар гадаад валютын албан нөөц 700 орчим сая ам.доллараар нэмэгджээ.

2018 онд 22 тонн алт худалдаж авахаар төлөвлөж байгаа аж. Цаашид орон нутагт олборлогчдоос шууд худалдаж авах төвүүдийг байгуулж байна. Ингэснээр алт тушаалт нэмэгдэнэ гэж харж байгаа юм. Нөөцийн тухайд гэвэл эрдэс баялгийн нөөцийн санд Монгол Улс 2500 тонн алтны нөөцтэй гэж бүртгэгдсэн байна. Мөн одоогоор Монгол Улсад олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн 17 хувь нь буюу 550 нь алтных байна. Мөн нийт хайгуулын талбайн 13 хувь нь алтных гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар онцоллоо.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.