“Spotify”-ийн үнэлгээ “Twitter”-ийнхийг давав


“Spotify”-ийн хувьцаа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид арилжаалагдаж эхэллээ. Хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлдэг тус компанийн хувьцааны ханш арилжааныхаа эхний өдөр Хөрөнгийн биржийн таамагласнаас 25 хувиар өндөр үнээр арилжаалагдсан байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 26 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь “Twitter”-ээс авахуулаад зарим технологийн компаниудынхаас өндөр үнэлгээ болжээ. Шведийн “Spotify” компани анх 2008 оноос хөгжмийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд одоогоор үйлчилгээ нь 65 улсад нэвтрээд байгаа юм. Төлбөр төлдөг хэрэглэгчдийнх нь тоо 71 сая давсан аж. Энэ нь “Apple Music”-ийнхаас хоёр дахин өндөр дүн болжээ. Хэдий тийм боловч тус компани ашигт ажиллагаанд шилжихэд сорилттой тулгарч байгааг ажиглагчид онцолж байгаа юм. “Spotify” компани өнгөрсөн онд дөрвөн тэрбум еврогийн орлого олсон ч 1.2 тэрбум еврогийн алдагдалтай ажиллажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.