ҮСХ: Нүүрсний экспорт I улиралд жилийн өмнөхөөс 4.9 хувиар буурлаа


Гадаад худалдааны тэнцэл оны эхний улиралд 351.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар буурсан дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 182.5 сая ам.доллараар буюу 14 хувиар нэмэгджээ. Үүнд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 80.6 сая ам.доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 80.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Гэхдээ нүүрсний экспорт жилийн өмнөхтэй харьцуулахад тав орчим хувиар буурч, 514.5 сая ам.доллар болжээ. Энэ онд Засгийн газар А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн бол АИ-95 болон дизелийн түлшний импортын татварыг нэмсэн юм. Эхний улиралд дизелийн түлшний импортын дүн 54.2 сая ам.доллараар буюу 68 хувиар өссөнөөс татварын нөлөөг харж болохоор байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр оны эхний гурван сард Японоос импортолсон 38.6 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнд 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн дүн болжээ. Энэ дунд суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл дийлэнх хувийг бүрдүүлсэн байна. I улиралд Япон руу 1.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 26.4 хувиар буурсан дүн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Харин Европын Холбооны орнуудад хийсэн экспорт энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 2.1 дахин өсөж, 140.9 сая ам.доллар болсон нь анхаарал татаж байна. Ялангуяа ОХУ-д экспортолсон жоншны хүдэр, баяжмалын хэмжээ 43 хувиар өсөж, 12.7 сая ам.доллар болжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 13, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.