БНХАУ-ын экспортын үзүүлэлт улирлын чанартай худалдан авалтын нөлөөгөөр савлаж байна


Сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөөд байсан БНХАУ-ын экспорт гуравдугаар сард 2.7 хувиар буурсан байна. Үүнээс дөнгөж өмнөх сард буюу хоёрдугаар сард БНХАУ-ын экспорт өмнө нь байгаагүй дээд хэмжээгээр буюу 44.5 хувиар огцом өсөөд байсан юм. Харин тус улсын импорт гуравдугаар сард жилийн дүнгээр 14.4 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо. Оны эхний улиралд худалдааны үзүүлэлт огцом савлахад БНХАУ-ын Сар шинийн баярын худалдан авалт ихээхэн нөлөөлдгийг шинжээчид онцолж байна. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан эрчимжиж байгаа энэ үед тус улсын экспорт буурч импорт тэлснээр худалдааны тэнцэл ийнхүү гуравдугаар сард 4.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Ялангуяа АНУ-д экспортолсон БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний улиралд жилийн дүнгээр 14.8 хувиар өсжээ. Ингэснээр БНХАУ-ын АНУ-тай хийсэн худалдааны тэнцэл I улиралд 58.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. АНУ-аас тогтоосон зарим бүтээгдэхүүний импортын татвар БНХАУ-ын аж үйлдвэр болон технологийн салбарын компаниудын орлогын төлөвийг эрсдэлд оруулж байгаа гэж эдийн засагчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 16, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.