“Стандарт ноос” компани энэ онд 300 тонн ноос бэлтгэнэ


“Стандарт ноос” компани энэ онд малчдаас нийт 300 тонн ноос бэлтгэхээр төлөвлөөд байна. Тус компани ноос угаах үйлдвэрийн тоног, төхөөрөмжөө бүрэн суурилуулж, шинээр агуулахын байр барьснаар 1000 тонн ноос бэлтгэн угаах хүчин чадалтай болох талаар marketinfo.mn мэдээллээ. “Стандарт ноос” компани 2017 онд Баянхонгор аймгаас 122 тонн ноос бэлтгэн анхан шатны боловсруулалт хийж “Улаанбаатар хивс” компанид нийлүүлсэн байна. Энэ онд төлөвлөгөөгөө биелүүлэхэд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх болон ченжүүдийн ноос худалдан авалт нөлөөлнө гэж тус компани мэдэгджээ. “Стандарт ноос” компанийн хувьцааны ханш 2014 онд 780 төгрөгт хүрч өсөж байсан юм. Харин сүүлд буюу хоёрдугаар сард ханш нь 500 төгрөг байжээ.

“Стандарт ноос” компанийн 67.3 хувийг нэг хувьцаа эзэмшигч, харин 32.7 хувийг олон нийт буюу 539 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Тус компани анх “Арилжаа импекс” ХК нэртэйгээр Баянхонгор аймагт материал-техникийн хангамжийн баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин 2016 онд нэрээ “Стандарт ноос” болгон өөрчилж, ноос бэлтгэл, угаах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 16, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.