ҮСХ: Татварын нийт орлого I улиралд 25.5 хувиар өсөж, 1.6 их наяд төгрөг боллоо


Татварын нийт орлого I улиралд 25.5 хувиар өсөж, 1.6 их наяд төгрөг болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбоотойгоор 2017 онд зарим импортын барааны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн юм. Энэ нь татварын орлого бүрдэлтэд нөлөөлж байна. Тухайлбал, импортын архи, тамхи, суудлын автомашины татварыг нэмсэн нь онцгой албан татварын орлого өнгөрсөн оны мөн үеэс 64.5 тэрбум төгрөгөөр өсөхөд нөлөөлснийг талаар Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оноос нэг хувиар нэмснээр татварын орлого 48.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс гадна татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлж буй энэ үед нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 79.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Өөрөөр хэлбэл нэгдсэн төсвийн алдагдал эхний улирлын байдлаар 229.3 тэрбум төгрөгөөр буурахад татварын орлогын өсөлт нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Энэ онд Засгийн газраас татварын багц хуулийн шинэчлэлийг эхлүүлж, гурван гол хуулийг шинэчлэх гэж байна. Татварын багц хуулийн үр дүнд богино хугацаанд татварын орлого буурах ч урт хугацаанд эерэг нөлөөтэй гэж Азийн Хөгжлийн банкны эдийн засагчид онцолжээ. Хуулийн шинэчлэлээр аж ахуйн нэгжүүдийг давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцохоор төсөлд тусгасан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогоос авах татвар 20 хувь байсныг таван хувь болгон бууруулах зэрэг олон хөнгөлөлтүүд бий болох юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 16, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.