Монголбанк: Макро эдийн засгийн тогтвортой орчин бол зээлийн хүүг бууруулах суурь нөхцөл


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар тогтоолын төсөл хэлэлцэж, урт хугацаанд макро эдийн засгийн суурь нөхцөлийг таатай болгож инфляцын түвшнийг таван хувьд хүргэх хэрэгтэй гэж үзлээ.

Мөн зөвхөн банкны салбар бус эдийн засагт томоохон мөнгөн эргэлт явагддаг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийг зохицуулах шаардлагатай гэсэн санал дэвшүүллээ. Үүнээс гадна зээлийн хүүнд шингэдэг эрсдэлийн үнэлгээнд чиглэгдсэн бодит зардлуудыг бууруулахад зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох шийдэл байгааг Монголбанкны төлөөлөл болон гишүүд илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл зээлийн мэдээллийн санг хувийн сектор удирдаж “Credit Scoring” буюу зээлийн үнэлгээний зарчмыг нэвтрүүлж найдвартай зээлдэгчид бага хүүтэй зээл олгох боломжийг олгох орон зай бий гэж үзэж байна.

Зээлийн өсөлт эрчимжиж III улирлын байдлаар жилийн 11.5 хувиар өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл эхний улирлын байдлаар 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өссөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Чанараар нь ангилж харвал хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан бол чанаргүй зээл 19 хувиар өссөн байна. Банкны системийн хэмжээнд 1.2 их наяд төгрөгийн чанаргүй зээл бүртгэгдсэн байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляцын төлөв байдлын тайланд дурдсанаар өнгөрсөн нэг жилд нийт зээлийн өсөлтийн дийлэнхийг хэрэглээний зориулалттай зээлийн өсөлт бүрдүүлжээ. Бизнесийн зориулалттай зээлийн өсөлт сүүлийн гурван жилийн хугацаанд тэг орчимд хадгалагдаж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 19, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.