Монголд ирэх Франц, Солонгос жуулчдын тоо өсжээ


Энэ оны I улиралд улсын хилээр орсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар нэмэгдэж, 70 мянга 500 орчим болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ дундаа хамгийн их буюу 36 хувь нь ОХУ-аас, 32.6 хувь нь БНХАУ-аас орж ирсэн байна. ОХУ-аас ирсэн жуулчдын тоо 28.8 хувиар өсжээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Женко тур бюро” ХК 2017 онд Ази, Европын улс орнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар цаашид Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж үзжээ. Тухайлбал, зөвхөн Францаас л гэхэд 100 жуулчин хүлээн авах урьдчилсан захиалга авсан байна. Францаас Монголд улиралд дунджаар 500 орчим жуулчин ирдэг аж. Энэ оны I улиралд л гэхэд тус улсаас 570 жуулчин ирсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнээс гадна сүүлийн үед БНСУ-аас Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Мөн энэ оны I улиралд тус улсаас 7157 жуулчин ирсэн нь 2017 оны мөн үеэс 15.7 хувиар өсжээ. Улаанбаатар-Пусаны чиглэлд “Air Busan” ХХК долоо хоногт нэг удаа, МИАТ ХК долоо хоногт дөрвөн удаа шууд нислэг үйлдэж байгаа нь гол нөлөө үзүүлж байгааг салбарынхан онцолж байна. “Агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэх нь аялал жуулчлал хөгжих гол хөшүүргийн нэг” гэдгийг Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр мэдээлсэн юм.

Түүнчлэн жуулчдыг татах нэг цэг болох Чингисийн хөшөө цогцолборын борлуулалтын орлого өсөх хандлагатай байна. 2017 онд орлого нь 1.5 тэрбум төгрөг болсон нь төлөвлөснөөс нь 19 хувиар давжээ. Харин “XIII зуун” цогцолборын борлуулалтын орлого 288 сая төгрөг болж, төлөвлөснөөс 20 хувиар бага байсан талаар “Женко тур бюро” ХК мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.