“Alphabet”-ийн борлуулалтын орлого сүүлийн 4 жилийн дээд хурдаар өсөв


“Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн борлуулалтын орлого энэ оны I улиралд сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр өссөн дүнтэй гарлаа. Борлуулалтын орлого нь 24.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь жилийн өмнөхөөс 24 хувиар өссөн дүн төдийгүй “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болжээ. Үүнд гар утсаар дамжих зар сурталчилгаа болон “Youtube” видео үйлчилгээний эрэлт өндөр байсан нь нөлөөлсөн гэж тус компанийн Санхүү хариуцсан захирал мэдэгдсэн байна. АНУ-ын хууль тогтоогчид интернет компаниудыг зар сурталчилгаагаа борлуулахын тулд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэрхэн ашигладаг талаар хяналт шалгалтаа чангатгаж байгаа юм. Хэдий тийм боловч “Google”-д сурталчилгаа нийлүүлэгчдийн идэвх буураагүйг шинжээчид онцолж байна. Харин “Google” компани үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор хиймэл оюун ухаан, клауд үйлчилгээ, дуугаар удирддаг дижитал туслах зэрэгт хөрөнгө оруулж байгаа нь тус компанийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлжээ.

Өнгөрсөн улиралд хөрөнгийн зарцуулалт нь жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдэж, 7.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдал, бодлогын шинэ зохицуулалт “Google”-ийн бизнест нөлөөлж магадгүй байгаа аж. Европын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай зохицуулалт ирэх сараас хэрэгжиж эхлэх бөгөөд “Google” компани энэ бодлогод үйл ажиллагаагаа нийцүүлэхийн тулд жил хагасыг зарцуулсан байна. Санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа тус компанийн хувьцааны ханш бага зэрэг унасан ч арилжааны туршид эргэн өсжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 25, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.