Үүлэн тооцооллын бизнес “Amazon”-ийн ашиг өсөхөд нөлөөлөв


Оны эхний улиралд “Amazon”-ийн ашиг хоёр дахин өсөж, 1.6 тэрбум ам.доллар хүрлээ. Ийнхүү тус компани шинжээчдийн таамгаас хол давсан амжилттай ажиллахад үүлэн тооцооллын бизнес, вэб үйлчилгээ, хурдацтай өсөж байгаа сурталчилгааны захиалгын тоо голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч ирэх саруудад ашиг, орлогоо улам өсгөхөөр тооцож байна. Тухайлбал, тус компанийн удирдлагууд энэ улиралд борлуулалтын орлого 54 тэрбум ам.доллар хүрэх боломжтой гэдгийг танилцуулсан нь хөндлөнгийн шинжээчдийн таамгаас хоёр тэрбум шахам ам.доллараар өндөр байгаа аж. Энэхүү мэдээллийн дараа хувьцааны ханш нь зургаа орчим хувиар өссөн байна. Ерөнхийлөгч Дональд Трампын “Amazon илүү өндөр татвар төлөх ёстой” гэсэн утгатай жиргээ, шүүмжлэлүүд тус компанийн хувьцааг богино хугацаанд унагасныг эс тооцвол, үйл ажиллагаанд нөлөөлөөгүй байна.

“Microsoft”-ийн хувьд ч мөн адил I улиралд үүлэн тооцооллын үйлчилгээ нь орлогоо өсгөхөд дэмжлэг болжээ. Баасан гарагт танилцуулсан тайланд тусгаснаар борлуулалт 16 хувиар өсөж, 26.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Үүлэн тооцоололд суурилсан “Azure” үйлчилгээний орлого хоёр дахин өссөн нь анхаарал татаж байгаа юм. Ингэснээр 10 улирал дараалан өсөж байна. Үүлэн тооцооллын үйлчилгээгээр “Microsoft” компани зах зээлд тэргүүлэгч “Amazon”-ийн араас мөшгиж байгаа аж. Гол ялгаа нь “Microsoft” ажлын байрны бүтээмжийг сайжруулах зорилготой аппликейшн хөгжүүлэгчидтэй илүү ойр ажиллахыг эрмэлзэж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 30, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.