Xanadu Mines: “Зараа” талбайн 458 метрийн гүнд тонн хөрс тутамд 0.27 грамм алтны илэрц тогтоосон


Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл I улирлын эцэс гэхэд 5.1 сая австрали долларт хүрсэн байна. Түүнчлэн 2018 оны хайгуулын ажлаа амжилттайгаар эхлүүлсэн гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Андрью Стьюарт онцоллоо.

Энэ оны эхний улиралд “Xanadu Mines” компани Өмнөговь аймгийн нутагт байрлах “Хармагтай” орддоо хэд хэдэн хэсэгт хайгуул хийсэн байна. Тухайлбал, “Stockwork Hill” хэмээн нэрлэгдсэн хэсэгт 574 метрийн гүнд тонн хөрс тутмаас 0.91 грамм алт, 230 метрийн гүнд 0.5 хувийн агууламжтай зэсийн илэрц тогтоосон байна. Энэ дунд “Зараа” гэж нэрлэгдсэн шинэ талбайг илрүүлсэн нь гол үр дүн байлаа. Энэхүү талбайд 316 метрийн гүнд 0.32 хувийн агууламжтай зэс, 458 метрийн гүнд тонн хөрс тутмаас 0.27 грамм алтны илэрц тогтоожээ. Хайгуулын ажлын шинжилгээг тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт эцэслэн гаргахаар төлөвлөж байгаа талаар “Xanadu Mines” I улирлын тайландаа дурдлаа.

“Хармагтай” орд нь “Оюу Толгой”-ийн ордоос хойд зүгт 120 км-ийн зайд, Улаанбаатараас баруун урд зүгт 440 км-ийн зайтай оршдог.

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн биржид даваа гарагийн арилжаа эхлэх үед “Xanadu Mines”-ийн хувьцааны ханш 0.2 австрали доллар болж хэлбэлзэлгүй байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 30, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.