Аргентины Төв банк бодлогын хүүгээ 40 хувь болгож нэмэгдүүлэв


Аргентин улсын Төв банк бодлогын хүүгээ 40 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт песогийн ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 25 орчим хувиар огцом сулраад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн найм хоногийн дотор Аргентины Төв банк бодлогын хүүгээ гурван удаа нэмэгдүүлж, 40 хувьд хүргээд байна. Тус улсын Ерөнхийлөгч Маурисио Макри эдийн засгийн шинэчлэл хийх бодлого баримталж байгаа аж. Ингэснээр өмнөх Засгийн газрын үеийн их хэмжээний үргүй зардал, хаалттай эдийн засгийн бодлогын нөлөөнд хямраад байгаа эдийн засгаа сэргээхийг зорьж байгаа юм. Үүнээс гадна Аргентин улсын Төв банк 2017 онд 25 хувьд хүрч өссөн инфляцын түвшнийг 15 хувьд хүрч бууруулах зорилт тавин ажиллаж байна. Хэдий тийм боловч Засгийн газрын хүчин чармайлтаас үл хамааран Аргентины эдийн засгийн хямрал цаашид ч үргэлжлэхээр байгааг шинжээчид анхааруулсаар байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.