Монгол Базальт ХК: Анхдагч зах зээлийн захиалга V сарын 14-23-ны хооронд явагдана


“Монгол Базальт” нээлттэй хувьцаат компани болж нийт хувьцааны 30 хувийг тус бүр нь 380 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгохоор боллоо. Олон нийтэд 380 төгрөгөөр санал болгож байгаа ч бизнес үнэлгээгээр нэгж хувьцаа нь 639 төгрөг байсан байна. Ингэснээр хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаагаа бодит үнэ цэнээс 40.5 хувиар хямд санал болгож байгаа гэж тус компанийн захирал мэдээллээ. Базальт чулуу олборлож, “Basaltwool” брэндийн дулаан, дуу чимээ тусгаарлах зориулалттай чулуун хөвөн үйлдвэрлэгч компани дотоодын хөрөнгийн зах зээлээс 6.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болж байна. Үүнээс 50 хувь буюу 3.2 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас татах юм. Хэдий тийм боловч нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцно гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 14-23-ны өдрүүдэд явагдана. Татан төвлөрүүлсэн 6.4 тэрбум төгрөгөөр тус компани 2018-2020 онд чулуун хөвөн үйлдвэрлэлийг боловсронгуй болгож, цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. “Монгол Базальт” компани сүүлийн жил гаруйн хугацаанд IPO гаргахаар бэлджээ.

“Монгол Базальт” компанийн захирал Л.Ариунболдын мэдээлснээр бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд компанид техник, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа ажээ. Тиймээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 39.3 хувийг чулуун хөвөнгийн үйлдвэрийн өргөтгөлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, өртөг буурч, үйлдвэрийн хүчин чадал 5-8 мянган тонноор нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.