“Steppe Gold” Канадын анхдагч зах зээлээс 21.1 сая канад доллар татан төвлөрүүлнэ


Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Steppe Gold” компани үнэт цаасны танилцуулгаа албан ёсоор гаргалаа. Тус компани Канадын анхдагч зах зээлээс 21.1 сая канад доллар татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Үнэт цаасны танилцуулгад дурдсанаар нэг бүр нь хоёр канад долларын үнэтэй нэгжийг олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгаа ажээ. Нэг нэгжид энгийн хувьцаа болон варрант буюу энгийн хувьцаа худалдан авах эрх багтаж байгаа юм байна. Энэ удаад босгосон хөрөнгийн ихэнх хэсэг нь буюу 12 гаруй сая канад доллар нь “Алтан цагаан овоо” төслийн хайгуул, өрөмдлөгийн ажилд зарцуулагдана. Үүнээс өмнө тус компанийн Гүйцэтгэх захирал ойрын таван жилд энэхүү төсөлд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 200-250 хүн ажлын байраар хангана гэж мэдэгдэж байсан юм.

Эргэн сануулахад “Steppe Gold” компани 2017 онд “Алтан цагаан овоо” ордыг 9.8 сая ам.доллараар худалдаж авчээ. Мөн Баянхонгор аймаг дахь “Уудам хөндий” төслийн тусгай зөвшөөрлийг авч, алтны өндөр илэрц бүхий дөрвөн хэсгийг илрүүлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.