ОУВС “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ДӨРӨВ ДЭХ ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ


Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийж, дүгнэлтээ танилцуулсан байна. Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг гадаад зах зээлд түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа нь цаашид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй байгааг онцлоод “Макро эдийн засгийн гол зорилтууд болох төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай биелүүлсэн” гэж дүгнэжээ. Хэдий тийм боловч түүхий эдийн эрэлт буурч болзошгүй нь эрсдэл гэдгийг сануулж байна. Түүнчлэн бүтцийн шинж чанартай шинэчлэл удааширч байгааг онцлоод, төсвийн зарлага өсөж байгаа ба хөрөнгө оруулалтын орчин тааламжгүй байгаа нь эрсдэл болохоор байна гэж дүгнэжээ. Цаашид “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд банкны системийг бэхжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн оновчтой төсвийн бодлого хэрэгжүүлж инфляцын өсөлтийг анхааралтай ажиглаж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийн зарцуулалтын менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлийб”Төсвийн орлого 21 хувиар нэмэгдсэн нь хүлээлтээс давсан үзүүлэлт болохыг онцлоод “Эхний улиралд гадаад валютын албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгдсэн зэрэг тоон үзүүлэлтээр тавьсан зорилтууд амжилттай биелсэн байна” гэж дүгнэжээ. Ажлын хэсэг дүгнэлтээ Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөлд танилцуулсны дараа дараагийн шатны санхүүжилт шийдэгдэх юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.