Монголбанк: Бага дүнтэй гүйлгээний “Автомат клиринг хаус” буюу “ACH+” систем нэвтрүүлнэ


Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системийг сольж, олон улсын стандартад нийцсэн “Автомат клиринг хаус” систем нэвтрүүлэхээр болсон гэж Монголбанк мэдээллээ. Бага дүнтэй гүйлгээний “Автомат клиринг хаус” буюу “ACH+” системийг нэвтрүүлснээр хэрэглэгчийн дансны дугаар, бусад гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт сайжрах, төлбөрийн системийн үр ашиг нэмэгдэх, гүйлгээний хугацаа багасах зэрэг ач холбогдолтой юм байна. Энэхүү системийг нийлүүлэх, нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зохион байгуулж, АНУ-ын “Монтран” корпораци хариуцаж ажиллахаар шалгарчээ. “АСН+” систем нэвтрүүлэх төслийг 2018 оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

2017 оны байдлаар Монголбанк 30 сая гаруй удаагийн, дөрвөн их наяд төгрөгийн бага дүнтэй гүйлгээ хийсэн гэж мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.