“Erdene Resource Development” МХБ-д 4 сая ширхэг хувьцаа гаргана


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компанийн цан цохих ёслол өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид болно. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж буй анхны компани болж байгаа юм. Тус компани мэргэжлийн компаниуд болон орон нутагт үнэт цаасны танилцуулгаа хийсэн байгаа бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаа зургаадугаар сарын 11-14-ний хооронд хийх аж. “Erdene Resource Development” компани Монголын Хөрөнгийн биржид дөрвөн сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр үнэлэн олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулах юм байна. Монголд гаргах хувьцаанаасаа 101,100 ширхгийг үйл ажиллагаа явуулж буй Баянхонгор аймгийн хоёр сумын иргэдэд нэр зааж эзэмшүүлэх бол үлдэх 3.89 сая ширхэг хувьцааг тогтоосон үнээр олон нийтэд санал болгох ажээ. “Erdene Resource Development”-ийн зах зээлд арилжаалж байгаа нийт хувьцааных нь тоо 146.4 сая ширхэг юм байна.

Тус компани Монголд хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд үүнээс хоёр тусгай зөвшөөрлийн талбайд алт, зэсийн долоон хуримтлалыг нээж илрүүлсэн талаараа мэдээлсэн юм. Энэ дундаас “Баянхөндий”, “Алтан нар” төслүүдэд эцсийн шатны өрөмдлөг, судалгааны ажлаа хийж, олборлолтын шат руугаа орох гэж байна. Тус компанийн Монголын Хөрөнгийн Бирж дээр санал болгож буй үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Торонтогийн Хөрөнгийн биржид сүүлийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 1.49 хувиар буурч, 0.33 канад доллар болсон байна.


June 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.