ОУВС: 2023 ОНД АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 1.4 ХУВЬ БОЛЖ БУУРНА


АНУ-ын эдийн засаг 2018 онд 2.9 хувиар, 2019 онд 2.7 хувиар өснө гэж Олон Улсын Валютын Сан таамаглалаа. Харин 2023 он гэхэд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн өсөлт нь 1.4 хувь болж саарах урьдчилсан тооцоог тус сангийн шинжээчид гаргажээ. “АНУ-ын энэ оны өсөлт нь 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж. Хэдий тийм боловч өсөлтийн түвшин хоёр орчим хувьд хэлбэлзсээр байгаа нь Дэлхийн I дайнаас хойших хамгийн сул үзүүлэлтэд тооцогдож байна. Богино хугацаандаа хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайжирч байгаа нь АНУ-ын эдийн засаг тэлэхэд том түлхэц болж байгаа юм. Гол үзүүлэлт сайжрахтай зэрэгцээд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай болох аж. Үүнээс гадна АНУ-ын тариф болон импортын хязгаарлалтын бодлого нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гэдгийг Олон Улсын Валютын Сан онцолжээ.

Мөн Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард “АНУ-ын Засгийн газар татварыг бууруулж, ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийг дэмжсэнээр эдийн засаг сайжрахад түлхэц өгсөн. Энэ онд эдийн засаг 2.9 хувиар өснө гэж бид таамаглаж байгаа ч дунд хугацаанд энэ үзүүлэлт буурах хандлагатай байна. Түүнчлэн бодлогын хүүг өсгөснөөр АНУ болон бусад улс орнуудын санхүүгийн зах зээл тогтворгүй болох эрсдэлтэй. Ялангуяа хөгжиж буй эдийн засагтай орнууд өндөр эрсдэлд орж магадгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.