“ТАВАНТОЛГОЙ”-ИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИВ


“Тавантолгой”-ийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай төслийг Засгийн газар УИХ-д өргөн барилаа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг голлон баримталж байгаа гэдгийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцоллоо. Эн тэргүүнд “Тавантолгой” төслийг цогцоор нь хөдөлгөнө гэдэг дээр санал нэгдээд байгаа юм.

Шаардлагатай санхүүжилт олохын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг дотоод, гадаадын Хөрөнгийн биржид давхар арилжаалж, IPO хийх нь оновчтой гэж Засгийн газар үзэж байна. Олон улсын биржүүдээс тухайлбал, Хонгконг, Токио, Нью-Йорк, Лондон, Торонтогийн Хөрөнгийн биржүүд тодорхой саналууд ирүүлсэн гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ. Одоогоор “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Засгийн газрын төлөөлөл багтсан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Тавантолгой”-ийн ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх, баяжуулах үйлдвэр, усан хангамж, авто зам, төмөр зам зэрэг дагалдах төслүүдийг бэлтгэж байгаа юм байна.

2010 онд хийсэн үнэлгээгээр “Тавантолгой”-ийн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан юм. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонн нүүрс гэж үзсэн бөгөөд үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрс гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс долоон жилийн өмнөх үнэлгээг шинэчилнэ гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мөн дурдлаа.

Өнгөрсөн сард УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын саналыг дэмжсэн юм. Түүний дараа зургаадугаар сарын 14-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар энэ асуудалд нэгдмэл байр суурьтай байна гэсэн үг юм. Харин лхагва гарагт буюу Засгийн газрын ээлжит хуралдаанаар төслийг дэмжиж яаралтай дэгээр УИХ-аар оруулж танилцуулах Засгийн газрын тогтоолыг гаргажээ.

Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үзэж байна. Ирэх 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжигдвэл 180 хоногт багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувьд IPO хийх бэлтгэл ажлаа хангахаар төлөвлөж байгаа талаар тэрбээр мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 21, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.