БАНКНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАВ


УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хаалттай хэлэлцсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн нэр томъёог “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай ” болгон  өөрчилж,  хуулийн төслийг баталлаа.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой юм.

Банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааг хангаагүй, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчдэд өөрийн хөрөнгийн дутагдалыг нэн тэргүүнд өөрийн нөөц бололцоогоор хангуулах, төрийн оролцооноос хувийн салбарын хөрөнгө оруулалтыг илүү хөхиүлэн дэмжих, тэргүүн ээлжинд хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх эрх зүйн орчинг уг хуулиар бүрдүүлсэн болно.

Өөрийн хөрөнгийн дутагдалтай, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч өөрийн хөрөнгийн шаардлагыг 2018 онд багтаан  шаардлага хангаагүй тохиолдолд төр  тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд банкны бүх алдагдлыг хүлээлгэн, банкны хувьцааг алдагдлын дараах бууруулсан үнээр худалдан авах замаар дахин хөрөнгөжүүлэх  арга хэмжээг авахаар хуульд заагаад байна.

Эх сурвалж: МонголБанк


June 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.