Германы бизнесийн итгэлийн индекс буурахад АНУ-ын худалдааны бодлого нөлөөлөв


Германы бизнесийн итгэлийн индекс сүүлийн долоон сар дараалан буурч, 105.1 нэгж боллоо. Энэ нь сүүлийн нэг жилийн хамгийн тааруу үзүүлэлтэд тооцогдож байгааг Германы Эдийн засгийн судалгааны институт мэдээллээ. Үүнд АНУ-ын худалдааны бодлого голчлон нөлөөлсөн байна.

Герман улсын эдийн засаг энэ онд саарах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм. Учир нь худалдааны маргаанаас гадна тус улсын Канцлер Ангела Меркелийн цагаачлалын бодлого нөлөөлж магадгүй байгаа ажээ. Түүнчлэн “Bloomberg”-ийн шинжээчид тус улсын 2018 оны эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, 2.1 хувь болгосон байна.

Үүнээс өмнө Европын Холбоо АНУ-ын бараа, бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. Үүний хариуд АНУ Европын автомашинд 20 хувийн импортын татвар ногдуулахаа илэрхийлээд байна. Хэрэв энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл “BMW”, “Volkswagen” зэрэг компаниуд ихээхэн хэмжээний алдагдал хүлээхийг шинжээчид анхаарууллаа.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.