Д.Сумъяабазар: Нүүрсний үнэ, эрэлт сайн байгаа энэ үед санхүүжилт татах хэрэгтэй


“Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад, дотоодын Хөрөнгийн биржид хувьцаа гаргахад шалгуур үзүүлэлтийн 60-68 хувийг хангаж байгаа гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ. Хэрэв УИХ шийдвэрээ гаргавал түүнээс хойш 180 хоногт багтаан бэлтгэл ажлаа хангахаар төлөвлөж байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр бол тус биржид зөвшөөрөгдсөн улсад байгуулсан компаниар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Мөн гаднын Хөрөнгийн биржид нийт хувьцааныхаа 25 хувийг арилжаалах шаардлагыг тавьж байгаа гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Үүнээс гадна тус компанийн бизнесийн болон ордын нөөцийн үнэлгээг хийлгэх, ТЭЗҮ, бизнес төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай аж. Мөн эрсдэлийн шинжилгээ хийх, нөхөн сэргээлтийн сан үүсгэх, IPO-оор санхүүжих төслүүдийн тооцоо судалгааг хийж, Засгийн газраар батлуулах шаардлагатай гэж мэргэжлийн зөвлөх компаниуд санал ирүүлсэн байна.

Мөн нүүрсний зах зээл сайн байгаа энэ үед санхүүжилт босгох нь зүйтэй гэж үзжээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны урьдчилсан тооцоогоор IPO гаргаснаар 1.5-6 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой юм байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 тэрбум ширхэг хувьцаа бүртгэгдсэн бөгөөд үүнээс 29.95 хувийг IPO болгон гаргахаар зорьж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.