Д.Тэрбишдагва: “Оюу Толгой”-ийн асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх санал өгсөн


“Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийн хяналт, шалгалтын ажлын хэсэг 1500 гаруй материал судалж, нэгдсэн танилцуулга, санал дүгнэлтээ УИХ-д танилцуулахаар зорьж байна. Хэдий тийм боловч Авилгатай тэмцэх газар, Аудитын байгууллага, Засгийн газар гэсэн гурван байгууллагад шалгагдаж буй материалууд хүлээгдэж байгаа аж. Нэгдсэн дүгнэлтээ гаргасны дараа асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх саналтай байна гэсэн мэдээлэл өглөө. “Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийн хяналт, шалгалтын асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн гол зорилго нь “Оюу Толгой”-ийн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргахад чиглэсэн байна. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр анхны хөрөнгө оруулалтын гэрээгээр эрчим хүчний асуудлыг шийдэхээр тусгасан боловч одоог хүртэл эрчим хүчний станцынхаа байршлыг ч тогтоогоогүй байгаа ажээ. Гэхдээ “Оюу Толгой”-ийн удирдлагууд цахилгаан станц барих асуудлыг нааштайгаар шийдвэрлэх байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээллээ. Мөн “Оюу Толгой”-д 150 сая ам.долларын татварын зөрчил яригдаж байгаа аж. Хэдий тийм боловч татварын зөрчлийн талаар нийт дүнгээ гаргасны дараа эцсийн дүгнэлт хэлнэ гэж мэдэгдсэн юм.

УИХ-аар ААНОАТ-ын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Өмнөх хуулийн төсөлд “Оюу Толгой”-ийн татвартай холбоотой тусгагдсан өөрчлөлтүүдэд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж, хэлэлцэхийг дэмжээгүй. Энэ удаад Засгийн газраас оруулж ирсэн шинэ саналууд дээр ажлын хэсэг анхаарч ажиллаж байна. “Татварын хууль дээр маш сайн ажиллах шаардлагатай. Ямар ч байсан Татварын хуулийг энэ удаагийн чуулганаар батлах гэж яаран хэлэлцүүлж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа ажлын хэсгээс илэрхийллээ. Мөн “Оюу Толгой”-ийн ажиллах хүчин, бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг урьдчилсан байдлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Оюу Толгойд 14 мянган ажилтан ажиллаж байгаа гэх боловч үндсэн ажилтан, гэрээт ажилтан нь тодорхойгүй. Ажилтнуудын цалин нь нэлээд зөрүүтэй, энэ тухай мэдээллүүд нь нууцлалын зэрэглэлтэй байдаг. 10 жил болж байхад монгол ажилтнууд нь гэрт амьдарч байна. Үүнийг зогсоох шаардлагыг ажлын хэсгийн гишүүд тавьсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 27, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.