АХБ зам сайжруулах, засварын төсөлд зарцуулах 60 сая ам.долларын зээл баталлаа


Азийн Хөгжлийн банк Монгол Улсын 311 км замыг сайжруулах, зам засварын төсөлд зарцуулах 60 сая ам.долларын зээл баталлаа. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг холбох зам тээврийн чухал сүлжээ болох “Улаанбаатар-Дархан-Алтанбулаг” чиглэлийн замыг засаж, сайжруулах ажил хийгдэх юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувь буюу түүхэн дээд түвшиндээ хүрч байсан бол 2017 онд энэхүү үзүүлэлт 5.1 хувь болж буурчээ. Тиймээс зам, тээврийн сүлжээний аюулгүй, баталгаатай байдлыг хангах нь худалдаа, аялал жуулчлалын салбараар дамжуулан эдийн засагт дэмжлэг болно гэж тус банк үзсэн байна. Одоогоор Монгол Улсын зам тээврийн сүлжээний бүтцийг харахад 48 мянга 538 км замын 13.2 хувь нь хатуу хучилттай зам байдаг аж. Энэ салбарт хөрөнгө оруулж, эдийн засгийг өсөлтийг дэмжсэнээр ажлын байр бий болгохоос гадна сургууль, цэцэрлэг гээд Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг Азийн Хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн зам тээврийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн Масахиро Нишимура онцолсон байна.

Азийн Хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой хөгжил, бүсийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахыг зорьж байгаа аж. 1966 онд байгуулагдсан, 67 гишүүн улстай тус банкны үйл ажиллагааны зардал 2017 онд 32.2 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Үүнээс 11.9 тэрбум ам.долларыг хамтарсан санхүүжилтийн төслүүдэд зарцуулсан байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


July 10, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.