ТЕГ: Засгийн газрын ажлын хэсэг “Оюу Толгой” ХХК-ийн асуудлаарх дүгнэлтээ танилцуулаагүй байна


“Оюу Толгой” ХХК-тай холбоотой татварын маргааныг шийдвэрлэхээр байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг Засгийн газрын хуралдаан дээр хараахан дүгнэлтээ танилцуулаагүй байна. Ойрын хугацаанд танилцуулж, Засгийн газар шийдвэр гаргах хүлээлттэй байгаа гэж Татварын ерөнхий газар мэдээллээ. Татварын ерөнхий газар “Оюу Толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан бөгөөд үүнээс 150 сая ам.долларын актыг хүлээн зөвшөөрөөгүй “Оюу Толгой” ХХК маргаан шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу иймэрхүү маргааныг шийдвэрлэх ажлын 60 хоногийн хугацаа зургаадугаар сарын 18-нд дууссан гэдгийг гэж Татварын ерөнхий газар мэдээллээ. Мөн товлосон хугацаанд маргаан шийдвэрлэж чадахгүй бол арбитрын шүүхэд хандах боломжтой талаар “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид мэдээлж байсан боловч одоогоор үүнтэй холбоотой мэдээлэл гараагүй байна.

“Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Одоо байгаа материалаас харахад ямар ч байсан тэд татвараа төлөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

“Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш сүүлийн гурван сард 3.8 хувиар буурсан бол “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 9.8 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


July 10, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.