ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 6,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ


Өнөөдөр Үндэсний Статистикийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа. Монгол Улс 2018 оны эхний хагас жилд 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.3 тэрбум америк долларт хүрчээ. Тодруулбал, экспорт 3.6 тэрбум америк доллар, импорт 2.7 тэрбум америк долларт хүрсэн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (26.0%) тэрбум америк доллараар өссөн байна.

Үүнд:

  • Экспорт 475.6(15.3%) сая америк доллараар,
  • Импорт 834.6 (43.4%) сая америк доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн гэв.

2017 оны эхний хагас жилд гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 359.0 (30.4%) сая америк доллараар буурч, 822.2 сая америк долларт хүрсэн байна.

Экспорт 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 475.6 сая америк доллараар өсчээ.

Үүнд:

  • Эрдэс бүтээгдэхүүний экспорт 472.1 сая америк доллар,
  • Нэхмэл бүтээгдэхүүний экспорт 34.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 834.6 сая америк доллараар өссөн.

Үүнд:

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 152.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 59.4 сая америк доллар,
  • Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 176.8 сая америк доллараар,
  • Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 189.5 сая америк доллараар,
  • Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 127.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экспортын орлого 15 орчим хувиар нэмэгдэж, импорт 43 хувиар өссөн нь гадаад худалдааны тэнцэл 30% буурахад нөлөөлсөн байна.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна хэмээн Үндэсний Статистикийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


July 19, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.