Зэсийн зах зээл 50 мянган тоннын илүүдэлтэй байна


Зэсийн нийлүүлэлт эрэлтээ давж, илүүдэл нь 50 мянган тоннд хүрснийг Дэлхийн зэсийн судалгааны групп буюу ICGS мэдээллээ. Энэ оны эхний дөрвөн сард олон улсын зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсчээ. Уг түүхий эдийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чилийн гарц энэ хугацаанд 15 хувиар өссөн байна.

Тус улсад байрладаг, дэлхийн зэсийн хамгийн том уурхай болох Эскондидагийн үйлдвэрлэл саарсан ч, Коделко уурхайнх нэмэгдсэн нь Чилийн гарцыг өсгөсөн байна. Ер нь үйлдвэрлэл нь илүү өсөх дохио Чилиэс хангинаж эхэлсэн. Учир нь багагүй хугацаанд Чилийн ч, дэлхийн ч зэсийн нийлүүлэлтийг чангааж, ханшийг өдөөж байсан Эскондида уурхайн ажилчид, хөрөнгө оруулагчдын маргаан тохиролцоонд хүрэх дөхчихөөд байгаа юм. Хоёр талын тохиролцох хугацаа өчигдөр буюу энэ сарын 24-нөөр эцэслэж байгаа. Тэгвэл уурхайн Үйлдвэрчний эвлэлээс тохиролцоонд хүрэх найдвар бий хэмээн өчигдөр Reuters-д мэдээлжээ.

Хэдийгээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч Эскондида уурхайн ажил хаялт зогсвол Чилийн зэсийн гарц цаашид ч чангарах төлөвтэй байна. Дэлхийн зэсийн тэргүүлэх уурхай ийн хэвийн ажиллах нөхцөл нь бүрдэж буй бол нөөц болон үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг Индонезийн Грасбергийн уурхайн үйл ажиллагаа хэдийнэ хэвийн болсон. Экспортын хязгаарлалттай нүүр тулсан Грасберг уурхайн олборлолт эргэн сэргэснээр Индонезийн гарц 2017 оныхоос даруй 50 хувиар нэмэгдсэнийг ICGS онцолжээ.

Чили, Индонез зэрэг зах зээлийн гол тоглогчдоос гадна Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Замби улсын гарц 11-16 хувиар нэмэгдэж байгаа нь нийт нийлүүлэлтийг өөд нь татаж буй.

Ийнхүү худалдааны болон ажиллах хүчний сорилттой нүүр тулаад байсан зэсийн нийлүүлэлт эргэн сэргэж байна. Зах зээлийн хуулиар нийлүүлэлт нэмэгдэх ханш буурах дохио болдог. Гэтэл сүүлийн сар гаруйн хугацаанд зэсийн ханш АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчлийн сүүдэрт дарагдаж, нэг жилийн доод цэгтээ шигдчихсэн байдаг. Зэсийн үнэ ийм дорой байгаа үед нийлүүлэлт илүүдэж буй нь ханшийг унагана уу гэхээс өсгөхгүй.

Дээрээс нь энэ түүхий эдийн үнийг сар гаруйн хугацаанд 1000 гаруй ам.доллараар унагасан худалдааны маргаан цаашид ч улам даамжрах төлөвтэй. Ингэснээр зэсийн гол худалдан авагч болох Хятад, Америкийн эрэлтийн өсөлтөд ч эрсдэл үүснэ. Энэ хэрээр зэсийн ханш дахиад л дарамтад орно гэсэн үг. Гэтэл зэсийн ханшийг доош татах дахиад нэг хүчин зүйл байгааг шинжээчид онцолж эхлэв.

Энэ бол нэг жилийн доод цэгт хүрээд буй юанийн ханш болон түүнээс хамаарсан зэсийн үнэ. Юань, зэс хоёр нягт харилцан хамааралтай аж. Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө, ам.доллартай харьцах юанийн ханш яг өнөөгийнх шиг уруудаж, хоёр хувиар суларчээ. Гэтэл үүнийг даган зэсийн ханш 400 ам.доллараар буурч байсан аж. Тодруулбал, тонн зэсийн жишиг ханш 5050 ам.доллараас 4650 болтлоо буурсан байх юм. 2015 оны энэ бараан түүх юанийн ханш огцом сулраад буй энэ үед дахин давтагдах вий гэж металлын арилжаанд оролцогчид эмээж байна.

Мөн Нью-Йоркийн Comex бирж дэх зэсийн ханшийн 10 өдрийн хөдөлгөөний юаниас хамаарах хамаарал нь 90 хувьтай байсныг ING тооцоолжээ. Дэлхийн зэсийн нийт нийлүүлэлтийн 40 хувийг ганцаараа залгидаг, энэ зах зээлийн хамгийн том хэрэглэгч Хятад улсын мөнгөн тэмдэгтийн зэсийн ханшид нөлөөлөх нөлөө ийм хүчтэй байна. Гэтэл долдугаар сараас хойшюанийн ханш ам.долларын эсрэг таван хувиар буурсан. Юань нь зөвхөн ам.доллар гэлтгүй бусад валютын эсрэг сулраад байгаа.

Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн даваа гарагт Хятадын төв банк 502 тэрбум юанийг (74 тэрбум ам.доллар) банкны системдээ нийлүүллээ. Зах зээлд дэх юанийн нийлүүлэлт ийн нэмэгдсэнээр юанийн уруудаж буй ханшийн уналт улам ч доошилно. Хятадын Ардын банкны шийдвэрийн дараа ам.доллартай харьцах юанийн ханш 0.6 хувиар суларчихаад байна. Энэ бол өнгөрсөн оны зургадугаар сараас хойших ёроолын цэг.

Цаашид юанийн чөлөөт уналтыг дагаад зэсийн ханш хаана ч газардаж мэдэхээр байна. Ийнхүү зэсийн зах зээлийн луужин гүн уналт руу зааж эхлэв. Үүнд суурь хийгээд хөндлөнгийн цөөнгүй хүчин зүйл нөлөөлж байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд огцом уруудаж, 1000 гаруй ам.доллараар үнэгүйдэн, олон улсын зах зээлийг цочирдуулсан зэсийн ханшийн уналт ингэсгээд зогсчихгүй нь. Цаашид ч уналтын цэгээ улам доошлуулах нь.

Эх сурвалж: gogo.mn


July 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.