БНХАУ-ЫН ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОГЧ КОМПАНИУДЫН АШИГ ОГЦОМ ӨСӨӨД БАЙНА


Олон улсын зах зээлд газрын тосны ханш өссөнтэй холбоотойгоор БНХАУ-ын газрын тос олборлогч компаниудын ашиг огцом өссөн байна. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд “Sinopec” компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 0.16 юань болсон нь жилийн өмнөхөөс 60 хувиар нэмэгджээ.

Харин цэвэр ашиг нь 52 хувиар өсөж, 42.4 тэрбум юань буюу 6.2 тэрбум ам.доллар болсон талаар санхүүгийн тайландаа дурджээ. Энэхүү мэдээллийн дараа хувьцааны ханш нь Хонгконгийн Хөрөнгийн биржид гурван орчим хувиар өссөн нь зургаадугаар сараас хойш байгаагүй үзэгдэл боллоо. “Sinopec”-ийн хувьд хайгуул, олборлолтын зардлаа оны эхний хагас жилд 412 сая юань болгон бууруулсан байна.

Үүнээс гадна “CNOOC” компани 2014 оноос хойших хамгийн өндөр хагас жилийн ашгаа олжээ. Оны эхний зургаан сард тус компанийн цэвэр ашиг нь 57 хувиар өсөж, 25.5 тэрбум юань буюу 3.7 тэрбум ам.доллар хүрсэн байна. Хэдийгээр гарц жилийн өмнөхөөс бараг өөрчлөгдөөгүй ч газрын тос, байгалийн хийн борлуулалт 21 хувиар нэмэгдэж, 90.3 тэрбум юаньд хүрсэн нь өсөлтөд нөлөөлжээ.

Брент газрын тосны ханш 2018 оны эхний зургаан сард дунджаар 71 ам.долларт хэлбэлзэж байсан нь өмнөх оны мөн үеэс бараг 35 хувиар өссөн дүн болж байгаа юм. Энэ нь салбарын компаниудын ашиг огцом нэмэгдэх шалтгаан болж байна. БНХАУ-ын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн хэрэглээг дэмжиж байгаа энэ үед “Petrochina”, “Sinopec” зэрэг компани хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж “Sanford C.Bernstein”-ийн шинжээч дүгнэлээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


August 28, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.