2017 ОНД IPO ГАРГАСАН КОМПАНИУДЫН АШИГ, АХИУЦ АШИГ 2-3 ДАХИН ӨСӨВ


2017 онд IPO гаргаж олон нийтэд нээлттэй болсон компаниудын цэвэр ашиг энэ оны эхний хагаст 2-3 дахин өсөөд байна. Монголын Хөрөнгийн биржид 2017 онд бүртгүүлж, хөрөнгийн зах зээлийн анхны мэдээлэл технологийн компани болж байсан “Айтүүлс” 2018 онд ашгийнхаа маржинг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар ашгийн маржин нь гурав дахин нэмэгдсэн талаар мэдээллээ.

Мөн нийт харилцагчдын тоо нь өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өсөж, борлуулалтын орлого нь 66.1 хувиар өссөн байна. Тус компани энэ онд Япон улсад клаудмайнинг үйлчилгээг экспортолж эхэлсэн, цаашид экспортоо нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа ажээ. “Айтүүлс” компанийн хувьцааны ханш анх олон нийтэд нээлттэй болсноос хойш хоёр долоо хоногийн хугацаанд 2.5 дахин өсөж, 250 төгрөгт хүрч байсан юм.

Энэ хугацаанд тус компанийн хувьцаа хамгийн их хэмжээгээр буюу долоо хоногийн дотор 670 орчим сая төгрөгөөр арилжжээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж байсан анхны мэдээлэл технологийн компанийн хувьцааны ханш хамгийн сүүлийн байдлаар 120-130 орчим төгрөгт хэлбэлзэж байна.

Харин Монголын анхны хувийн бирж буюу Монголын Үнэт цаасны биржид бүртгэлтэй “Анд энерги” компанийн борлуулалт 1.6 дахин, борлуулалтын орлого нь 62 хувиар өсжээ. “Анд энерги” компанийн цэвэр ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөөд байгаа юм. Тус компани энэ оны зургаадугаар сараас эхлэн үйлдвэрлэл, оффисын барилгын ажлыг Эрдэнэт хотод эхлүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотод салбар дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа талаар “marketinfo.mn” мэдээллээ.

“Анд энерги” компанийн хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд 39-43 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хамгийн дээд тал нь 69 төгрөгт хүрч байжээ. “Анд энерги” компанийн арилжаа дөрөвдүгээр сард идэвхжиж, 140 орчим сая төгрөгт хүрсэн юм. Үүнийг Монголын Үнэт цаасны бирж онлайн арилжаа нээгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Харин 6, 7 дугаар сард арилжааны идэвх бага байсан ч тохиролцооны хэлцэл 130-280 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


August 28, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.