Иргэдэд олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2.2 нэгж хувиар буурчээ


Иргэдэд олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү оны эхнээс 2.2 нэгж хувиар буурч, долоодугаар сарын эцэст 18.1 хувь болсон байна. Харин бизнесүүдэд олгосон зээлийн хүү 17.5 хувьд хүрсэн нь оны эхнээс 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт боллоо. Зээлийн эх үүсвэр болох хадгаламжийн жигнэсэн дундаж хүү тайлант сард 11.2 хувь болсон нь оны эхнээс 1.8 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хувийн байгууллагуудаас татсан хадгаламжийн хүүний түвшин үүнээс бага буюу 8.5 хувь байна. Төв банк бодлогын хүүгээ оны эхний улиралд 10 хувьд хүргэж буулгасан нь сүүлийн есөн жилийн хамгийн доод түвшин болсон юм. Мөнгөний зөөлөн бодлого хадгаламжийн хүү буурч, улмаар зээлийн хүү буурч байгааг Төв банк онцолж байна.

Монгол Улсад зээлийн хүү дундаас доогуур орлоготой орнуудын дундажтай харьцуулахад таван нэгж хувиар, Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундажтай харьцуулахад 10 гаруй нэгж хувиар өндөр байгаа юм. Тиймээс Төв банк зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж УИХ-д танилцуулаад байна. Энэ хүрээнд макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, мөнгөний бодлогоор нөлөөлөх, банкнуудын үр ашигт удирдлагыг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


September 3, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.