ЛОНДОН ЦААШИД “САНХҮҮГИЙН ГОЛ ТӨВ” БАЙХ БОЛОМЖ ХУМИГДАЖ ЭХЛЭВ


Санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд голлох үүрэгтэй хоёр том компани Их Британиас гарахаар боллоо. Энэ нь BREXIT-ээс болж санхүүгийн томоохон фирмүүд арилжааны бүтцээ эх газарт байлгахаас аргагүйд хүрч байгаатай холбоотой юм.

“CME Group” арилжааны дүн нь өдөрт 15 тэрбум ам.доллар хүрдэг валютын форвард своп арилжааны салбараа Лондоноос Амстердам руу шилжүүлэх болсон байна. Мөн “Cboe Global Markets” BREXIT-ийн дараа Европын ихэнх компанийн хувьцааны арилжааг Амстердам дахь бирж рүүгээ шилжүүлэх гэж байна. “Cboe Global Markets” биржид Европын компаниудын хувьцааны арилжаа өдөрт долоон тэрбум еврогоор хэмжигдэж байна. BREXIT-ийн дараа “Cboe Global Markets”-ийн Лондон дахь салбар өдөрт гурван тэрбум еврогоор хэмжигдэж буй Швейцар, Их Британийн хувьцааны арилжааг үргэлжлүүлэх юм.

Мөн “Cboe Global Markets” Амстердамын биржийн өргөтгөсөн арилжааны туршилтыг ирэх хоёр, гуравдугаар сард хийх юм байна. BREXIT-ийн бүх нийтийн санал асуулгаас хойш буюу 2016 оноос хойш санхүүгийн компаниуд нэг их наяд ам.доллароор хэмжигдэх хөрөнгөө Их Британиас гаргаад байгаа ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 22, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.