ОУВС 2019 ОНЫ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМГАА 3.5 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА


Олон Улсын Валютын Сан 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн өмнөх таамаг 3.7 хувийг дахин бууруулж, 3.5 хувь болголоо. Үүнд АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж байгаа худалдааны маргаан, Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлого, BREXIT нөлөөлөхийг Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард онцоллоо.

Олон Улсын Валютын Сан АНУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгаа хэвээр үлдээсэн байна. Харин Евро бүс, хөгжиж буй орнуудын өсөлтийн таамгаа бууруулжээ. Олон Улсын Валютын Сангийн энэхүү шийдвэр нь БНХАУ-ын IV улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарсны дараа танилцуулж байгаагаараа онцлог болж байна. Түүнчлэн “PWC”-ийн судалгаагаар бизнес эрхлэгчдийн 30 хувь нь эдийн засгийн засгийн өсөлт саарна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Хойд Америкийн компаниудын удирдлагуудын 37 хувь нь эдийн засгийг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлсэн аж. Энэ нь өмнөх оноос 26 нэгж хувиар буурсан үзүүлэлт болж байна.

ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард “Өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн өсөлт сайн байсан. Харин энэ онд өсөлт таамаглаж байснаас саарч, эрсдэлүүд илүү их нэмэгдэж байна. Дэлхийн эдийн засаг хямрах уу гэвэл үгүй. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэл өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн геополитикийн асуудал хурцдаж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн бол ОУВС-ийн ахлах эдийн засагч Гита Гопинат “БНХАУ-ын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамаглаж байснаас илүү их хэмжээгээр саарсан. Ялангуяа худалдааны маргаан үргэлжилж байгаа энэ үед санхүүгийн болон түүхий эдийн зах зээл буурч, 2015, 2016 оны үетэй ижил түвшинд хүрч магадгүй байна” гэдгийг онцлов.

“Худалдааны маргаан, санхүүгийн нөхцөл байдал таагүй байгаа нь эдийн засгийн өсөлтөд гол эрсдэл болж байна. Худалдааны тодорхойгүй байдал нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ саатна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулахад хэлэлцээргүй BREXIT нэг том үндэслэл болсон. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд өрнөж байгаа худалдааны маргааныг 2019 оны гол эрсдэл” гэж “Eurasia” групп, Дэлхийн эдийн засгийн чуулган үзэж байна. Геополитик болон гео эдийн засгийн хурцадмал байдал олон улсад хамгийн анхаарал татсан, эрсдэл дагуулсан асуудал болж байгаа юм.

Худалдааны маргааны асуудлаар АНУ, БНХАУ хэзээ зөвшилцөлд хүрч, “Худалдааны дайн” хэзээ зогсох нь тодорхойгүй байна. Тиймээс 2019 онд протекционист бодлого дэлхийн эдийн засагт хамгийн том эрсдэл болно гэж “Eurasia” групп болон Дэлхийн эдийн засгийн чуулган үзэж байна.

Цаашид маргаан даамжирч, эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдвэл 2021 он гэхэд дэлхийн эдийн засаг 0.8 хувиар агших эрсдэлтэй гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага таамаглажээ. Түүнчлэн АНУ-ын улс төрийн байдал, Засгийн газрын дотоод зөрчил томоохон эрсдэл болохоор байна.

Үүнээс гадна 2019 онд цахим халдлага ширүүснэ гэж “Eurasia” групп үзжээ. Цахим халдлага өмнө байгаагүйгээр эрчимжинэ гэж шинжээчид таамаглаж байна. Мөн BREXIT, ялангуяа Их Британи Европын Холбооноос хэлэлцээр хийхгүйгээр гарвал Европт хамгийн том эрсдэл болохоор байна. Түүнчлэн 2019 онд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг томоохон эрсдэл болохоор байгаа ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


January 22, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.