МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШАЛТГААНТАЙ ИНФЛЯЦИД ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХЭЭ III САРД ШИЙДНЭ


Төв банк нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид хариу үйлдэл үзүүлэх эсэхээ гуравдугаар сард болох Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Улаанбаатарын жилийн инфляци 9.7 хувьд хүрсний 5.4 хувийг нийлүүлэлтийн шинжтэй гурван бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна. Инфляцийн дийлэнх хувийг хатуу түлш, мах, шатахууны үнийн өсөлт бүрдүүлжээ. 2018 онд хилээр орж ирсэн автобензиний үнэ 20 орчим хувиар өсөж, 700 ам.доллар давсан гэж Гаалийн ерөнхий газар мэдэгдэж байсан юм. Мөн махны экспорт өссөнөөр дотоодын махны нийлүүлэлт багасаж үнэ нь өсөөд байна. Хатуу түлшний үнэ өнгөрсөн онд 65 хувиар өссөн нь төсөөллөөс хамгийн их зөрсөн бүтээгдэхүүн болжээ. Үнэ өссөний учир нь Засгийн газар энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргаснаас үүдэж иргэд нөөц бүрдүүлж эхэлсэн гэж таамаглаж байгаа юм.

Түүнчлэн Засгийн газрын хөрөнгө оруулалт, цалин нэмэх шийдвэр инфляцид дарамт болохоор байна гэж шинжээчид онцолжээ. Олон Улсын Валютын Сангийн зургаа дахь шатны үнэлгээний ажлын хэсэг яриа хэлэлцээнийхээ дүгнэлтэд эдийн засгийн халалтын шинж тэмдэг байгаа учраас Төрөөс шаардлагатай бол бодлогоо чангаруулахад бэлэн байгаа гэдгийг мөн онцолж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 1, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.