ГШХО ӨМНӨХ ОНООС 422 САЯ АМ.ДОЛЛАРААР ӨССӨН Ч УУЛ УУРХАЙ, МЕГА ТӨСЛҮҮДЭД ТӨВЛӨРЧЭЭ


2018 онд Монгол Улсад нэг тэрбум 867 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн тухай Төв банкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн тайланд дурдсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс 422 сая ам.доллароор өссөн үзүүлэлт болж байна.

Хэдий тийм боловч гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь уул уурхайн цөөн мега төслүүдэд төвлөрчээ. Энэ оны хувьд “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байгааг Сангийн яам мэдээлсэн юм. Цаашид хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү анхаарна. Мөн мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа Засгийн газар илэрхийлээд байна.

Харин гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ойрын хугацаанд хөдөө аж ахуй, махны үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт нэмэгдэж магадгүйг онцолж байгаа юм. Түүнчлэн татвар, хууль эрх зүйн орчин, ил тод байдал хөрөнгө оруулалтын орчинд тулгамдсан гол асуудлууд хэвээрээ байгааг Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалтын үеэр сануулж байв.

Үүнээс гадна Дэлхийн банкнаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд оновчтой үр дүнд хүрэх хоёр чиглэлийг өгсөн бөгөөд үүний нэг нь байгалийн баялагт түшиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хоёр дахь нь олборлолтын бус бусад салбаруудад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжийг тодорхойлох гэж зөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 12, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.