ХАМГИЙН ОЛОН ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧТЭЙ “ЖЕНКО ТУР БЮРО”-ИЙН АШИГ 2018 ОНД 20 ХУВИАР ӨСЖЭЭ


“Женко тур бюро” компанийн цэвэр ашиг 2018 онд 202 сая төгрөг хүрч, 2017 оныхоос 20 гаруй хувиар өслөө. Үүнд тус компанийн борлуулалтын орлого 40 орчим хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Хэдийгээр борлуулалт нь 40 хувиар нэмэгдсэн ч тус компани 2018 онд гадаад валютын зөрүүнээс 32.6 сая төгрөгийн алдагдал хүлээсэн нь ашигт ажиллагаанд нь нөлөөлсөн байна. Аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Женко тур бюро” компанийн хувьцааны ханш 2018 оны тавдугаар сард 95 төгрөг хүрч өсөөд байсан юм. Харин хамгийн сүүлийн байдлаар нэгж хувьцааны ханш нь 66 төгрөгөөр хэмжигдэж байна. “Женко тур бюро” Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигчтэй компани юм. Өөрөөр хэлбэл нийт хувьцааных нь 30.1 хувийг нь 51.8 мянган жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг аж.

Үүнээс гадна 2018 онд Монголд ирсэн жуулчдын тоо 12.8 хувиар өсөж, 529 мянгад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл 2017 онтой харьцуулахад жуулчдын тоо 60 орчим мянгаар нэмэгджээ. Энэ хугацаанд салбарын орлого 29.6 хувиар нэмэгдэж 569.5 сая ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа ч нэг жуулчнаас олох орлогоо хангалттай түвшинд хүргэж чадахгүй байгааг энэ салбарынхан онцолж байна. Тиймээс “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Аялал, жуулчлалын салбарын орлого 2018 онд 30 орчим хувиар өсөхтэй зэрэгцээд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компанийн орлого 40 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 12, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.