I САРД ШИВЭЭХҮРЭНГИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ГАШУУНСУХАЙТЫНХААС ДАВЛАА


Нэгдүгээр сард Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрсний экспорт хамгийн том боомт болох Гашуунсухайт-Ганцмодныхоос давж гарсан байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор нэгдүгээр сард 978.8 мянган тонн нүүрс экспортолжээ.

Нарийнсухайтын бүлэг ордоос олборлолт хийж буй компаниуд экспорт хийж байгаа бөгөөд энэ дунд “Southgobi Sands” хамгийн их хэмжээний буюу 403.9 мянган тонн нүүрс экспортолсон байна. Үүний дараа “Монголын алт”, “Өсөх зоос” компаниуд экспортын үзүүлэлтээрээ удаалжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэгдүгээр сард 918 мянган тонн нүүрс экспортолсон байна. Мөн нийт 8046 автомашин нүүрс тээвэрлэн гаргасан нь 2018 оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт гэж “Гашуунсухайт авто зам” ХХК мэдээллээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж буй гурван компани нүүрс экспортолж байна. Ялангуяа “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн экспорт хамгийн их буюу 484 мянган тонн байсан бол орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийнх 157.9 мянган тонн болсон байна.

Сар шинийн баяр болсонтой холбоотойгоор боомтын нүүрсний экспорт буурсан ч гуравдугаар сараас хэвийн болох төлөвтэй байгааг Гашуунсухайт боомтын гаалийн газар мэдээллээ. 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор зорьж байгаа бөгөөд үүнийг гаалийн боомтын шинэчлэл хийснээр хэрэгжүүлэх боломжтой гэж Сангийн яам үзэж байгаа юм. Нэгдүгээр сард гол хоёр боомт болох Гашуунсухайт, Шивээхүрэнгээр нийт 1.89 сая тонн нүүрс экспортлоод байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 12, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.