II/19-НИЙ БАЙДЛААР 24 ХК НОГДОЛ АШИГ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН БАЙНА


Хоёрдугаар сарын 19-ний байдлаар 24 хувьцаат компани ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байна.

Ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн компаниудаас чулуун хүрэн нүүрс олборлодог “Баянтээг” компани 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3958.7 төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ. Энэ нь одоогоор ногдол ашиг олгохоо зарласан компаниудаас нэгж хувьцаанд ногдох хамгийн өндөр ногдол ашигт тооцогдож байна.

Харин 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн АПУ компанийн ногдол ашиг нийт дүнгээрээ хамгийн өндөрт тооцогдож байгаа аж. Мөн энэ нь тус компанийн урд өмнө нь хувьцаа эзэмшигчдэдээ олгож байсан хамгийн их дүнтэй ногдол ашиг болж байна.

Үүнээс гадна “Говь” компани нийт 5.3 тэрбум төгрөг, “Хөвсгөл алтан дуулга” компани 1.9 тэрбум төгрөгийг тус тус тараах шийдвэр гаргаад байна. “Хөвсгөл алтан дуулга” компанийн хувьд 2018 онд 400 орчим сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус компани нэмж хувьцаа гаргах үеэр хөрөнгө оруулагчдад өгч байсан амлалтаа биелүүлж, хуримтлагдсан ашгаасаа ногдол ашиг тараахаар болсон юм.

Харин зарим компаниудын хувьд ашгаа эргээд компанидаа зарцуулснаар өргөжих боломжтой гэж дүгнэсэн учраас ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ. Тухайлбал, 2018 онд “Айтүүлс” компанийн үйл ажиллагааны орлогын дийлэнх хувийг санхүүгийн дата төвөөс олж байгаа орлого бүрдүүлсэн байна. Тиймээс 2019 онд санхүүгийн дата төвдөө хөрөнгө оруулалт хийх нь компанийн урт хугацааны ашигт эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ.

Эх сурвалж: BloombergTV Mongolia


February 20, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.