“Ард Кредит” ББСБ-ын IPO амжилттай явагдаж Олон нийтээс нийт 7.5 орчим тэрбум төгрөгийн захиалга ирж 299% биеллээ.


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2019 оны хоёр дахь IPO болох “Ард Кредит ББСБ” ХК нь нийт хувьцааны 25% буюу 70,000,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийт санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдөр буюу 3 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч дууслаа.

“Ард Кредит ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад нийт 1,763 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийт 7,318,438,999 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон татан төвлөрүүлэх доод дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт боллоо.

“Ард Кредит ББСБ” ХК нь шинээр олон нийтэд санал болгож байгаа 35 сая ширхэг үнэт цаасыг МХБ-ийн “Анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын Захиалга бүртгэлийн аргыг ашиглан 70-85 төгрөгийн хооронд санал болголоо. Захиалгын дийлэнх нь 85 төгрөгөөр ирсэн хэдий ч үнэт цаас гаргагч “Ард Кредит ББСБ” ХК болон андеррайтерийн компани болох “Ард Капитал ҮЦК” ХХК-ийн зүгээс МХБ-ийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөжийг харгалзан үзэж нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэлээ. Тогтоосон ханшнаас доогуур захиалга өгсөн оролцогчдын захиалга биелэх боломжгүй бөгөөд 81 төгрөгөөс дээш өгсөн захиалгыг журмын дагуу 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийнэ.

СЗХ-ноос “Ард Кредит ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


March 5, 2019
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.