“Оюу толгой” компани гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.


Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжийн эзнээр “Оюу толгой”-чууд шалгарлаа. “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангадаг.

Энэ талаар “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамт бид энэ амжилтад хүрсэн. Бид орон нутаг болон байгаль орчны өндөр стандартуудаа хадгалан ажиллахын зэрэгцээ байгаль орчны мэргэжилтнүүд нутгийн иргэдийн санал зөвлөмжийг цаашдаа ч үйл ажиллагаандаа тусган ажиллана”.

Үйл ажиллагааны гүйцэтгэл
•Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
•Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.17 байлаа.
•Нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэх зорилтоо сайжруулан 0.35 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэжээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87.5 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.
•Нийт ажилтнуудын 94 хувь нь монголчууд байна.
•Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг гуравдугаар улирлын эцэст төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2.8 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
•Гуравдугаар улирлын эцсийн байдлаар 703 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 468 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 73 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрийн мэдээлэл
•Уулын ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өссөн байна. 2020 онд ил уурхайн агуулга сайтай хэсэг рүү олборлолт шилжсэнтэй холбоотойгоор үйлдвэр улирал дараалан тогтвортой байдлаа хадгалж байна.

2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байна. Эдгээр хэсгийг анхлан 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байсан юм.

•Хатуулга багатай хүдрийн хэмжээ ахиу байсан тул энэ оны гуравдугаар улирлын баяжуулах үйлдвэрийн гарц өмнөх оны гуравдугаар улирлын мөн үеийнхээс бага зэрэг илүү байлаа.
•Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155,000 – 180,000 унц үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна.

Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй байна.

•КОВИД-19-ийн халдвараас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа ч бид бүтээн байгуулалтаа урагшлуулсан хэвээр байна.

•Гүний уурхайн агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт шилжсэн хэвээр байна. Агааржуулалтын хойд амны татлага суурилуулах зэрэг амны нэвтрэлтэд бэлтгэх ажлууд ахицтай байлаа. Цаашид хийгдэх ажлуудад гүний уурхайн амны нэвтрэлтэд мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд хэрэгтэй бөгөөд эдгээр гэрээт ажилтны заримыг 2020 оны сүүл гэхэд татан авах зорилготой ч сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай.
•Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн ахицтай явж байна.
•Тогтвортой үйлдвэрлэл явуулахад шаардлагатай гадарга дээрх дэд бүтцийн ажил бүгд дууссан тул нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг анхны тэсэлгээ хийх үед хийсэн байхад шаардлагатай түвшинд нь хүргэхээр багууд ажиллаж байна.

Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажил дууссаны дараа гүйцээн дуусгах боломжтой дэд бүтцийн байгууламжууд тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд төдийлөн хамааралгүй ч үйлдвэрлэлийг өсгөхөд нэн шаардлагатай бүтээн байгуулалт байх болно.
•Нарийвчилсан тооцооллын эхний үзүүлэлтээс харвал 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэх төлөвтэй байна. Бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хэмжээнд байхаар тооцоолж байна. Энэхүү тооцооллоо КОВИД-19-ээс үүдэлтэй зардал болон хуваарийн нөлөөллийг оруулан шинэчилж байгаа бөгөөд тайлан гарч байх энэ үеийнхээс КОВИД-19-тэй холбоотой аяллын болон бусад хязгаарлалтууд тавигдана гэсэн хүлээлттэй байна.

Энэ оны дөрөвдүгээр улиралд эцэслэгдэх Панель 0-ийн зардлын тооцоолол бэлэн болох үед эдгээр тооцоолол өөрчлөгдөх магадлалтай.

•Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долдугаар сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна.

Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-г албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-г хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заасан. 2021 онд Огтлох түвшний малталт эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө гүний уурхайн төслийн ерөнхий зардлын тооцоолол тусгагдсан ТЭЗҮ20 батлагдсан байх шаардлагатай юм.

Эх сурвалж:  ot.mn   gogo.mn


November 20, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.