АНУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМ БНХАУ-ЫН КОМПАНИУДЫГ БИРЖЭЭС ХАСАХ ХУУЛИЙГ ДЭМЖИВ


АНУ-ын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын компаниудыг АНУ-ын биржийн бүртгэлээс хасах хуулийн зохицуулалт бүхий төслийг дэмжлээ.

АНУ-ын биржүүдэд бүртгэлтэй “Alibaba”, “Baidu” зэрэг БНХАУ-ын томоохон компаниуд зохицуулах байгууллагад санхүүгийн мэдээллээ бүрэн тайлагнаж, аудит хийх боломжоор хангаагүй нөхцөлд хувьцааг арилжих эрхийг нь хасах юм байна.

Үүнээс өмнө хуулийн төслийг Сенатын танхим дэмжсэн тул одоо Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурахад хангалттай аж. Сүүлийн дөрвөн жилд БНХАУ-ын эсрэг бодлого баримталсан Дональд Трамп хуулийг батлах магадлал өндөр байгаа юм.

БНХАУ-ын компаниуд бизнесээ өргөжүүлэхийн тулд АНУ-ын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах нь нэмэгдэж байв. Харин ийнхүү хуулийн зохицуулалтыг чангатгасан нь БНХАУ-ын бизнесүүд, ялангуяа Засгийн газраас хамаарал өндөртэй компаниудад хүнд дарамт болж байна.

Хэдий тийм боловч биржийн бүртгэлээс шаардлага хангаагүй компаниудыг шууд хасчихгүй, гурван жил дараалан шаардлага биелүүлээгүй тохиолдолд АНУ-ын хөрөнгийн зах зээлээс шахагдах ажээ.

Эх сурвалж: Bloombergtv Mongolia


December 3, 2020
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.