МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА


1991 ОНЫ 1 САРЫН 18 -НД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭХЛЭЛ БИЙ БОЛСОН БИЛЭЭ. ӨНӨӨДӨР ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЕРӨНХИЙ САЙД АЙЛЧИЛЖ АРИЛЖААГ НЭЭХ ХҮНДЭТГЭЛИЙН ЦАН ЦОХИЛОО.

Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “30 жилийн туршид хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл тасралтгүй хөгжин дэвшиж, олон шинэ бүтээгдэхүүнтэй, тогтмол үйл ажиллагаатай, идэвхтэй арилжаатай, хууль эрх зүйн орчны хувьд боловсронгуй болсны зэрэгцээ хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, дэд бүтэц, технологийн хувьд олон улсын жишигт хүрч чадсан байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл улам идэвхжиж, хөрөнгө оруулагчид арилжаанд цахимаар оролцох боломж бүрдсэнээс гадна гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасыг Монголдоо давхар арилжих, компаниуд үнэт цаас гаргах буухиа үргэлжилсээр байгааг тэмдэглэн хэлэхэд сайхан байна.

Дэлхий дахинаараа КОВИД19 халдварт цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж байгаа хэдий ч эдийн засгаа сэргээх, урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал бөгөөд гарцаагүй болж байна. Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж эхлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд та бүхнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээлийн тулгуур, эдийн засгийн хөдөлгөгч хүч болгоход төрийн зүгээс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг цаашид ч тасралтгүй үзүүлсээр байх болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнес эрхлэгчид хямд урт хугацааны хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дотоодоос татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, төрийн өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой юм.” гэдгийг онцлон тэмдэглэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Үнэт цаасны зах зээл хурдацтай хөгжиж байна. Эрх зүйн орчин нь боловсронгуй болж, үнэт цаас гаргаж хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр эдийн засаг дахь үүрэг, оролцоо нь улам сайжирч байна. Цаашид технологийн ололт амжилтыг эрчимтэй нэвтрүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжлийг түргэсгэх нь зүйтэй” гэж онцолсон бол УИХ-ын гишүүн, МҮЦАЭХ-ны Ерөнхийлөгч Д.Цогтбаатар: “Монгол Улсын цаашдын хөгжилд хөрөнгийн зах зээл чухал үүрэгтэй бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжилд төрийн бодлого дэмжлэг шаардлагатай” хэмээн онцоллоо.

Мөн арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Санхүүгийн зохицуулах хороо Сангийн яам, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтайгаа хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлд олон ажил хийж гүйцэтгэсэн. Хэдийгээр хууль эрх зүйн орчин нь бүрдсэн ч өнөөдрийг хүртэл зах зээлд гараагүй байсан хамтын хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг олон шинэ бүтээгдэхүүн гарсан” гэж дурдав.

 

 


January 18, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.