НӨЛӨӨ БҮХИЙ ТАВАН БАНК НЭЭЛТТЭЙ ХК БОЛОХ ХУУЛЬ БАТЛАГДЛАА


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Тодруулбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 90.9 хувь нь дэмжиж, хууль батлагдлаа.

Уг хууль 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хууль батлагдсанаар банкны системд нөлөө бүхий банкууд \таван банк\ нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй болж байгаа юм.

Мөн банкны хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм.

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн

  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг гишүүдийн олонх нь дэмжин баталсан юм.

Банкны тухай хуульд нэмэгдэж орж буй онцлох дөрвөн өөрчлөлт

НЭГ. “БАНК” ХУВЬЦААТ КОМПАНИ

Банк үүсгэн байгуулах, банкны үйл ажиллагааг зөвхөн хувьцаат компани хэлбэртэй компани эрхэлнэ хэмээн тусгасан.

Одоогийн хуулиар банкны үйл ажиллагаа явуулах хэлбэр нь ХХК болон ХК байх хэлбэрийн аль аль нь нээлттэй тул банк үүсгэн байгуулагч нь шаардлага бага тавигддаг ХХК хэлбэрийг сонгож байна.

Банкийг ХК хэлбэртэй байхаар зохицуулснаар:

  • Банкны салбар дахь хувь эзэмшлийн төвлөрлийг тархаах;
  • Хувь эзэмшлийн төвлөрөлд тавигдах шинэ шаардлага, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын банкны салбарын онцлог хөрөнгийн захын хөгжил зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан тогтоох;
  • Хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа бусад байгууллагатай хамтрах давуу талтай.
ХОЁР. ХУВЬ ЭЗЭМШЛИЙН ХЯЗГААР

Банкны хувьцаа эзэмшил аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх бөгөөд энэ зохицуулалт мөрдөгдөхгүй байх шаардлагатай тохиолдлыг хуулиар тодорхойлно гэж тусгасан.

ГУРАВ. НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

Банкны хувьцаа эзэмшилд хязгаарлалт хийхтэй холбогдуулан нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт, банк байгуулах, банкны хувьцаа эзэмшихэд Монголбанкнаас зөвшөөрөл олгоход баримтлах зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан. Тодруулбал, Банкны системд нөлөө бүхий банк гэдэг нь:

  1. Хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ;
  2. Төлбөрийн систем дэх гүйлгээний хувь;
  3. Банкны үндсэн үйл ажиллагаа, гадаад улс дахь үйл ажиллагаа;
  4. Санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан Монголбанкнаас системийн нөлөөтэй гэж тогтоосон банкийг хэлнэ.

Эдгээр банкны нийгэмд үзүүлэх нөлөө өндөр байдаг тул Монголбанкны зүгээс тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, банкны системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх аж.

ДӨРӨВ.ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ДАРААЛАЛ

Банканд албадлагын арга хэмжээ авах, татан буулгахад үүсэж байгаа асуудлыг шийдвэрлэх, хуулийг тодорхой болгож сайжруулна.

Өөрөөр хэлбэл, олон улсын жишиг, сайн туршлагатай нийцүүлж даатгалай хадгаламж эзэмшигч, хөрөнгийн барьцаагаар баталгаажсан төлбөрийн нэхэмжлэлүүдийг төлбөрийн дарааллын тэргүүн ээлжинд оруулна. Ёс зүйн гажуудлыг бууруулж, зээлдүүлэгчийн эрхийг ийнхүү бууруулах нь санхүүгийн зах зээлийг үргэжлүүлэн хөгжүүлэх хөшүүрэг болно хэмээн үзэж байна.

 


February 1, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.