📌АПУ ХУВЬЦААТ КОМПАНИ НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


АПУ ХК (MSE:APU) – ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 сарын 15-ны өдрийн шийдвэрээр тус компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.50 (тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансаар дамжуулан тараахаар тогтлоо.

Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны нийгмийн байдал тогтворгүй болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний сорилт төр, хувийн хэвшил, иргэдийн өмнө бүхий л шатанд тулгарсан билээ. Энэ цаг үед компани хямралын үеийн эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан шат дараатай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсоон, тэвчиж болох үйл ажиллагааны зардлуудыг царцааж хойшлуулсан ба ажлын байраа хадгалах, ажиллагсдын үндсэн цалин орлогын хэмжээг бууруулахгүй байх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллалаа.

Хэдийгээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, үйл ажиллагааны хувьд хязгаарлалтууд хийгдсэнээр зарим бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлсөн ч бид нийгмийн хариуцлагын хандив, тусламжийн чиглэлээр далайцтай үйл ажиллагаа явуулж “Хариуцлагаа Нэмж, Хамтдаа Давъя” санаачилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж олон төрлийн ажил зохион байгууллаа. АПУ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Үнэнбат: “Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том нээлттэй компани болох АПУ ХК нь тайлагналын ил тод байдал, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бусад бүртгэлтэй компаниудад жишиг болох нь чухал. Зах зээлд оролцогч талууд ч АПУ зэрэг үндэсний томоохон компанийн тайлан, мэдээлэлд ихээхэн хүлээлттэй хандаж, таамаг дэвшүүлж байдаг билээ. ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд миний бие АПУ компанийг жилдээ 2 удаа ногдол ашиг зарлан, олгож байгааг дэмжиж байна. Энэ шийдвэр ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, компанийн засаглалын хариуцлагатай, ил тод байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй байх болно.” Ийнхүү, 2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт нийт 95 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлнэ.

ТУЗ-ийн уг шийдвэртэй холбоотойгоор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “АПУ компани 2010-2018 онуудад үйл ажиллагаагаа шинэчлэн өргөжүүлэх зорилгоор нийт 150 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гадаадын урт хугацааны зээлийн санхүүжилт татсан учраас тухайн хугацааны ногдол ашиг хуваарилах бодлогод тодорхой хэмжээний хязгаарлалт тавиад байсан билээ. Тэдгээр хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, зээлээ бүрэн эргэн төлж дуусгасан тул хувьцаа эзэмшигчдэдээ ийнхүү хуримтлагдсан ашгаас ногдол ашиг тооцож олгож байгаа нь цар тахлын хүнд үед 6600 гаруй хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон гэж үзэж байна” гэв.


February 16, 2021
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.